» Оюутны зөвлөлийн дүрэм
Манай сургууль 2002, 2008, 2019 онд тус тус Магадлан итгэмжлэгдсэн сургууль. - Хэрэглэгчийн найдвартай түнш 2007 - Аттестатчлал 2012- Шилдэг менежменттэй сургууль 2005 2011- Оюутанд ээлтэй сургууль 2012- Багш нарын 90 гаруй хувь нь эрдмийн ба боловсролын зэрэг цолтой , доктор профессор 7 докторант 8 магистр 29, Америк, Солонгос , Япон улсын мэргэжилтэн багш 5

    ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

    Нэг. Нийтлэг үндэслэл.

    1.1 Байгууллагын оноосон нэрийг ДаДэС-ийн Оюутны зөвлөл / цаашид Оюутны зөвлөл / гэнэ.

    1.2 Оюутны зөвлөл нь нийт оюутны нийтлэг хүсэл эрмэлзлэлийг илэрхийлсэн тэдний үүсгэл санаачлагад тулгуурласан бие даасан хуулийн этгээд мөн.

    1.3 ДаДэС-ийн Оюутны зөвлөл нь Монгол улсын үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, нийтээр хүлээн зөвшөөрсөн эрх зүйн харилцааны үндсэн зарчмууд, түүнчлэн энэхүү дүрмийг мөрдлөг болгоно.

    1.4 Энэхүү дүрэм нь Оюутны зөвлөлийн үндсэн дүрэм тул гишүүн хэн боловч даган мөрдөж, халдашгүй дархан байдлыг нь хангана.

    1.5 Оюутны зөвлөл нь аливаа улс төрийн, нам эвсэл болон бусад хөндлөнгийн этгээдээс хараат бус, ашгийн төлөө бус, оюутан, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага мөн.

    1.6 Оюутны зөвлөлийн хаяг: Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, ДаДэС-ийн хичээлийн байр III давхар, 302 тоот өрөө

    1.7 Оюутны зөвлөл нь өөрийн тамга, тэмдэг, бэлэгдэл, туг , үнэмлэх, уриатай байна.

    Хоёр. Зорилго, зорилт, үйл ажиллагаа

    2.1 Оюутны зөвлөлийн эрхэм зорилго, зорилт, үйл ажиллагааны чиглэл

    Оюутны зөвлөлийн эрхэм зорилго нь: Оюутнуудыг нийгэмшүүлэх, тэдний авъяас чадварыг дэмжин хөгжүүлэх, эрх ашгийг нь хамгаалсан мэдээллийн нээлттэй байгууллага байх.

    2.1 Зорилт

    1. Сургуулийн нэр хүндийг өндөрт өргөж, оюутны эв нэгдэл, хүсэл эрмэлзлийг илэрхийлэх;
    2. Оюутны сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх, нийгэмших, төлөвшихөд нь бодит хувь нэмэр оруулах;
    3. Оюутанд чиглэсэн үйлчилгээ, хөнгөлөлт урамшууллын тогтолцоо, нийгмийн хамгаалал, халамжийг дэмжих, бий болгох;
    4. Улсын болон аймгийн оюутан залуучуудын хөдөлгөөнд идэвхитэй оролцож , эв санааны нэгдэлтэй байх, өөрийн хувь нэмэрийг оруулахын төлөө тэмцэх.

    2.2 Үндсэн зарчим

    1. Оюутнуудыг ардчилсан, сайн дурын үндсэн дээр зохион байгуулах;
    2. Нэгдмэл үйлс, нэг хүсэлтэй байх;
    3. Хууль, дүрмийг чандлан сахих.

    2.3 Үйл ажиллагааны үндсэн чиглэл

    1. Оюутныг эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажилд татан оролцуулах;
    2. Оюутны урлаг, спорт, соёл хүмүүжлийн ажлыг зохион байгуулах, чөлөөт цагийг зөв боловсон, үр ашигтай өнгөрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулах;
    3. Оюутантай холбоотой мэдээ, мэдээллийг цаг хугацаа алдалгүй хүргэх, мэдээллийн оновчтой хуваарилалтыг бий болгох;
    4. Оюутнуудыг тодорхой дадлага, туршлага авах боломжийг хангаж өгөх, ухамсартай, ёс суртахуунтай бие хүн болон төлөвшихөд нь чиглэсэн олон нийтийн ажилд татан оролцуулах;
    5. Хөдөө орон нутгийн оюутнуудын сурах, амьдрах орчныг бүрдүүлэх, нийт оюутны нийгмийн асуудлыг шийдэхэд дэмжин оролцох;

    2.4 Оюутны зөвлөл нь оюутны эрх ашиг, хүсэл сонирхлын байгууллага учир хоорондын харилцаа нь ил тод байна.

     

    1. Оюутан мэдээлэл авах болон өөрийн санал хүсэлтийг оюутны зөвлөлд чөлөөтэй тавьж болох ба өөрийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзсэн тохиолдолд оюутны зөвлөлөөр дамжуулан зохих газарт нь хандаж болно.

    2. Оюутнууд Oюутны зөвлөлийн гишүүн гэсэн утгаараа оюутны зөвлөлөөс гарсан шийдвэрийг даган мөрдөж, хэрэгжүүлэхэд идэвхитэй оролцоно.

    3. Оюутны зөвлөл нь оюутантай хамтран ажиллах бүх хэлбэрийг дэмжинэ.

    4. Оюутан оюутны зөвлөлд тавьсан санал хүсэлтээ хэрэгжүүлэхэд биечлэн оролцоно.

     

    Гурав. Оюутны зөвлөлийн харилцааны хэлбэр

    3.1 ДаДэС-ийн удирдлага, Оюутны зөвлөлийн хоорондын харилцаа

    1. ДаДэС-ийн оюутны зөвлөлийн үндсэн дүрмийн 1.5. зүйлд заасны дагуу Оюутны зөвлөл нь тус сургууль дахь Төрийн бус байгууллага учир санхүүгээс бусад тохиолдолд хараат бус байна.
    2. Оюутны зөвлөл нь ДаДэС-ийн бүрэлдэхүүн хэсэг мөн.
    3. ДаДэС-ийн удирдлага нь Оюутны зөвлөлөөс гаргасан жилийн төсвийг хянаж, батлах үүрэгтэй.
    4. Оюутны зөвлөлийн тэргүүн нь захиралын дэргэдэх хамтын зөвлөлдөн зохицуулах байгууллага болох Захирлын зөвлөлийн гишүүн байна.
    5. ДаДэС-ийн удирдлага болон Оюутны зөвлөл нь бие биенээ харилцан дэмжиж, хамтран ажиллана.
    6. ДаДэС-ийн удирдлагаас гаргасан шийдвэрийн талаар Оюутны зөвлөл нь оюутнуудын дунд мэдээлэл хийдэг байна.
    7. ДаДэС-ийн удирдлага нь Оюутны зөвлөлийн үйл ажиллагааг явуулах нөхцөл, боломжоор хангана.
    8. Оюутны зөвлөл нь ДаДэС-ийн удирдлагын зөвшөөрлөөр санхүүгээс батлагдсан төсвөө авна.
    9. Оюутны зөвлөл нь аливаа үйл ажиллагаа явагдсаны дараа санхүүгийн тайлангаа цаг тухайд нь ДаДэС-ийн удирдлагад гаргаж өгч танилцуулна.
    10. Оюутны зөвлөл нь өөрийн үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн байгууллагаар ивээн тэтгүүлж ажиллаж болно.

    Дөрөв. Бүтэц, зохион байгуулалт,

    гишүүнчлэл, хяналтын тогтолцоо,

    4.1. Оюутны зөвлөл нь ДаДэС-ийн тэнхимүүд, тэнхимийн салбар клуб, ангиудын үйл ажиллагааг нэгтгэх зарчмаар ажиллана.

    4.2. Оюутны зөвлөл нь Хүний нөөцийн алба, Сургалт эрдэм шинжилгээний албагэсэн албадтай байх ба тэнхим тус бүрээс 2-3 оюутан сонгогдон ажиллана.

    4.3. Оюутны зөвлөлд сонгогдон ажиллаж байгаа оюутан нь тус сургуулийн оюутнуудыг бүрэн төлөөлж, дуу хоолой нь болж чадахуйц ухамсар, бие хүний төлөвшил, ёс зүйн хэм хэмжээ, урлаг, спортын болоод сурлагын өндөр түвшинд байна.

    4.4. Оюутны зөвлөлийн хурлыг 7 хоногийн 4 дэхь өдөр хийнэ.

    4.5. Зайлшгүй шаардлагатай үед зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулж болно.

    4.6. Оюутны зөвлөлийн хурал нь дараах бүрэн эрхийг эдэлнэ. Үүнд:

    I. Оюутны зөвлөлийн дүрмийг батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, засвар оруулах , хүчингүй болгох;

    II.Оюутны зөвлөлийн үйл ажиллагааны тайланг тавих, хэлэлцэх;

    III.Оюутны зөвлөлийн ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлах;

    IV.Оюутны зөвлөлийн даргыг сонгох, чөлөөлөх;

    V.Оюутны зөвлөлийн албад, албадын дарга, гишүүдийг сонгох, чөлөөлөх;

    VI.Аливаа холбогдох журам, удирдамж, шийдвэрийг Захирлын зөвлөл батлана.

    Тав. Дүрэм зөрчигч этгээдэд хүлээлгэх хариуцлага

    5.1 Тус сургуулийн оюутны ёс зүйн дүрэмд заасныдагуу холбогдох хариуцлагыг хүлээлгэнэ.

    5.2 Тус сургуулийн оюутны ёс зүйн журамтай давхцуулан Оюутны зөвлөлийн дарга дараах арга хэмжээ авна.

    1. Зөвлөлийн хурлаар Сануулах
    2. Оюутны зөвлөлийн гишүүнээс нь чөлөөлөх тухай саналыг зөвлөлийн хуралд оруулах

    Зургаа. Бусад зүйл

    6.1 ДаДэС дээр үйл ажиллагаа явуулж буй оюутны нийт клуб, дугуйлан, хамтлаг зэрэг нь Оюутны зөвлөлд албан ёсоор бүртгэгдсэн байна.

    6.2 Оюутны зөвлөлийн үндсэн дүрэмд өөрчлөлт, шинэчлэлт, засвар оруулах, хүчингүй болгох шаардлагатай болвол зөвлөлөөс урьдчилан Оюутны Зөвлөл хариуцсан багшид танилцуулан, Захирлын зөвлөлөөр хэлэлцэн заавал "баг " гаргаж нарийвчлан судалж баримт үйлдэнэ.

    Долоо. Дүрэм хүчин төгөлдөр болох

    7.1 Уг дүрэм батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

    7.2 Дүрмийг Оюутны зөвлөлийн гишүүн хэн боловч даган мөрдөх учиртай.