» Сургуулийн дотоод журам
Манай сургууль 2002, 2008, 2019 онд тус тус Магадлан итгэмжлэгдсэн сургууль. - Хэрэглэгчийн найдвартай түнш 2007 - Аттестатчлал 2012- Шилдэг менежменттэй сургууль 2005 2011- Оюутанд ээлтэй сургууль 2012- Багш нарын 90 гаруй хувь нь эрдмийн ба боловсролын зэрэг цолтой , доктор профессор 7 докторант 8 магистр 29, Америк, Солонгос , Япон улсын мэргэжилтэн багш 5

    ДАРХАН ДЭЭД СУРГУУЛИЙН ДОТООД ЖУРАМ
    Нэг. Нийтлэг үндэслэл

    1.1. Дархан дээд сургуулийн дотоод журмын зорилго нь Монгол улсын хөдөлмөрийн тухай, Боловсролын тухай багц хууль, бусад холбогдох хууль тогтоомжууд, ДаДэС-ийн дүрмийн хүрээнд захиргаа ба профессор-багш, оюутан, ажилтны хоорондын хөдөлмөрийн харилцаа, бүрэлдэхүүний нэгжүүд болон байгууллагын дотоод үйл ажиллагааг зохицуулахад оршино. 

    1.2. ДаДэС-ийн хөдөлмөрийн дотоод журмыг профессор-багш, оюутан, ажилтны саналыг харгалзан боловсруулж, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх заалтын ёсоор Захирал баталж мөрдүүлнэ. Энэ журамд нэмэлт өөрчлөлт оруулахаар гаргасан профессор-багш, оюутан, ажилтны төлөөлөгчийн санал, Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн эцэслэн шийдвэрлэнэ. ДаДэС-ийн захиргаа бүрэлдэхүүний нэгжүүд, профессор багш, ажилтан, оюутан, суралцагчид энэхүү журмыг дагаж мөрдөх үүрэгтэй. 

    1.3. ДаДэС-ийн хөдөлмөрийн зохион байгуулалт нь дээд байгууллага, бүрэлдэхүүний нэгж, удирдах албан тушаалтны эрх, үүрэг, тэдгээрийн ажлын уялдаа холбоо, профессор-багш, оюутан, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтоор зохицуулагдана. Ажлын байрны тодорхойлолтыг Захирлын тушаалаар батална.

    1.4. ДаДэС-ийн дүрэмд заасан бүрэлдэхүүний нэгжийг байгуулах, өөрчлөх татан буулгах асуудлыг Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Захирлын тушаалаар  шийдвэрлэнэ. 

    1.5.Энэ журмын хэрэгжилтэнд сургуулийн захиргаа, үйлдвэрчний болон ажиллагсадын олон нийтийн байгууллага Багш нарын зөвлөл, Оюутны зөвлөл, суралцагчид хяналт тавина. 

    Хоёр. Иргэнийг ажилд авах, ажиллуулах, хөдөлмөрийн
     гэрээг дуусгавар болгох үндэслэл

    2.1. Иргэнийг ажилд авах, ажиллуулах, ажлаас чөлөөлөх асуудлыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, энэ журам ба хөдөлмөрийн гэрээний дагуу шийдвэрлэнэ.

    2.2. ДаДэС-ийн бүрэлдэхүүний нэгжүүд чөлөөтэй байгаа, шинээр бий болгох орон тоонд ажиллах иргэнийг ажилд авах тухай саналаа Захирлын ажлын албанд хүний нөөцийн асуудал эрхэлсэн ажилтан гаргах бөгөөд, шаардлагатай бол ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулна. Ажлын байрыг шинээр бий болгох, цомхотгох асуудлыг Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ. Иргэдийг сонгон шалгаруулалтын журмаар ажилд авна.

    2.3.  ДаДэС-ийн бүрэлдэхүүний нэгжид ажиллахаар бичиг баримт бүрдүүлсэн иргэдтэй танилцах хуудсыг Захирлын ажлын алба олгоно. ДаДэС-ийн захиргаа, сургалт, эрдэм шинжилгээний албан тушаалд ажиллах хүмүүстэй сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн  Дэд захирал, харин үйлчилгээ, аж ахуйн ба санхүүгийн нэгжид ажиллах хүмүүстэй Сургуулийн ерөнхий менежер танилцана. Танилцсан хүмүүс өөрийн саналыг танилцах хуудсанд товч тодорхой бичиж, гарын үсгээ зурсан байна. 


    2.4. Ажилд орохыг хүссэн иргэн доорх бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд: 
    Ажилд орохыг хүссэн өргөдөл,
    Иргэний үнэмлэх,
    Нийгмийн даатгалын (хөдөлмөрийн) ба эрүүл мэндийн даатгалын дэвтэр, урьд ажиллаж байгаагүй бол оршин суугаа хороо, багийн засаг даргын тодорхойлолт,
    Мэргэжлийн болон зэрэг цолны үнэмлэх, диплом, гэрчилгээ, бүтээлийн жагсаалт,
    Ажилд авахаар судалсан нэгжийн хамт олны хурлын тэмдэглэл, танилцсан хүмүүсийн саналын ба шалгаруулалтын үнэлгээний хуудас
    Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт,
    Анкет (Маягт-1), 
    товч намтар.
     
    2.5.Профессор-багш, ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн авъяас сонирхол, хувийн соёл, зан харилцаа, нийгмийн идэвхи, боловсролын зэрэг, мэргэжлийн түвшин, эрүүл мэнд, багаар ажиллах чадвар, шударга зарчимч, ёс суртахууны байдлыг шалгаруулалтын гол үзүүлэлт болгоно. 

    2.6.ДаДэС-ийн хичээлийн байр, оюутны байрны үйлчилгээний ажилтан болон, санхүү бүртгэлийн ажилтан, аж ахуй ба мөнгөний нярав, хичээлийн туслах ажилтан зэрэг эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх хүнийг Сургуулийн ерөнхий менежер саналыг үндэслэн Захирал шийдвэрлэнэ. 

    2.7. Иргэнийг 1-3 сар хүртэл хугацаагаар туршилтаар ажиллуулсаны дараа жинхлэх асуудлыг шийдвэрлэнэ. Туршилтын хугацаанд цалин хөлс, нэмэгдлийг бүрэн олгоно. 

    2.8. Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийг удирдлага болгон нэг талаас ажилтан, нөгөө талаас Захирал, түүний эрх олгосон удирдах ажилтан харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг 1 хүртэл жилийн хугацаагаар байгуулна. Гэрээг хоёр хувь үйлдэж гэрээлэгч талууд нэг, нэг хувийг хадгална. Иргэнийг ажилд авсан тухай Захирлын тушаалыг үндэслэн түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийнэ. Өндөр насны тэтгэвэрт байгаа профессор-багшийг шаардлагатай бол ажил үүрэг гүйцэтгэх гэрээ, эсвэл хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулж болно. 

    2.9. Ажилд орж байгаа ажилтанд шууд удирдах албан тушаалтан нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс, нэмэгдэл ДаДэС-ийн дүрэм, сургуулийн дотоод журам, бусад эрхийн актуудыг нарийвчлан танилцуулна. Шаардлагатай бол ажил үүргийн чиг баримжаа олгох хөдөлмөр хамгааллын сургалт-семинарт хамруулж, энэ тухай хөдөлмөрийн гэрээнд тусгана. 

    2.10.Хөдөлмөр зохион байгуулалтыг боловсронгуй болгох, орон тоог хэмнэх, ажилтны
          ур чадварыг оновчтой ашиглах, түр чөлөөтэй байгаа ажилтны ажлыг тасралтгүй  
          явуулах шаардлагаар зарим ажилтны ажлыг хавсруулах, орлуулах, түр гэрээгээр 
       ажиллуулах зэргээр зохицуулж болно. Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны   
       тодорхойлолтонд тусгагдаагүй ажил үүргийг хоёр тал харилцан тохиролцож, иргэний 
       гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ. 

    2.11.Хөдөлмөрийн гэрээг сунгах, цуцлах, дуусгавар болгох асуудлыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23, 37, 38, 39 ба 40 дүгээр зүйлийн дагуу шийдвэрлэнэ. Энд дурьдсан хуулийн заалтыг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байвал зохино. 

    2.12.Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчилд: 
    -Хичээлийн болон оюутны байранд архи уусан, согтуурсан, согтуугаар ажил үйлчилгээ явуулсан,
    -Хүндэтгэх шалтгаангүйгээр (гэнэтийн зовлонд нэрвэгдэх, өвчлөх, өвчтөн асрах, хөл хоригдохыг хүндэтгэх шалтгаан гэж үзнэ) ажилтан 3 ба түүнээс дээш өдөр ажил таслах, профессор-багш 1 хичээлийн жилд 8 ба дээш цагийн хичээл таслах,
    -Байгууллагын өмч хөрөнгийг зөвшөөрөлгүй байрнаас нь авч гарах, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хувьдаа ашигласан болон эд ангийг сольсон,
    -Бичиг баримт засах, хуурамчаар үйлдэх замаар ашигласан, эсвэл ажил үүргээ гүйцэтгэсний төлөө бусдаас шан харамж авах,
    -Үйлчилгээний эрх ашгийг хохироосон,
    -Цалинтай, цалингүй чөлөөний хугацааг 3 ба түүнээс дээш хоногоор хэтрүүлэх тохиолдол бүхнийг хамааруулна.

    2.13.Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан буруутай үйлдэлд: 
    -Сэлбэг, бараа материал, техник хэрэгсэл нийлүүлэгчтэй хувийн сонирхолын үүднээс харьцаж хэрэгцээнээс илүү ажил үйлчилгээний шаардлага хангахгүй бараа, материал эд зүйл худалдан авах, мэдээ тайлан буруу гаргах,
    -Гал гарах, ус алдахаас бусад тохиолдолд аль нэг өрөө танхимд эзэмшигч-хариуцагчийн зөвшөөрөлгүй орох, ажлын байрыг орхиж сэлгүүцэх, ажлын хариуцлага, сонор сэрэмж алдаж, байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулах,
    -Эзэмшиж байгаа техник хэрэгслээ өөрийн буруугаас эвдэх, эд ангийг нь дутаах, гал, ус, цахилгааны аюулгүйн дүрмийг зөрчих,
    -Сантехникч, цахилгаанчин ба ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ ажлын байраа орхих, сонор сэрэмж алдах, эсвэл өөрийн буруутай үйлдлээс хохирол учруулах тохиолдол бүрийг хамааруулна. 
    -Буруутай үйлдлийн улмаас үүссэн хохирол төлүүлэх ажлыг Захирлын эсвэл Шүүхийн шийдвэрээр гүйцэтгэнэ. 

    Гурав. Захиргаа ба ажилтны эрх үүрэг

    3.1.  Дархан дээд сургуулийн хөдөлмөрийн харилцаанд захиргаа дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ. 
    -Профессор-багш, ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулж, тэдний хөдөлмөрлөх хэвийн нөхцлийг (ажлын байр, материал, багаж техник хэрэгслээр хангах) хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэх
    -Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Дархан дээд сургуулийн хөгжлийн стратеги-төлөвлөгөөний "Хүний хүчин зүйлийн хөгжил”-хэсгийн үндсэн дээр байгуулсан хамтын гэрээний дагуу профессор-багш, ажилтны мэдлэг мэрэгжлийг дээшлүүлэх, тэдэнд халамжийн тусламж үзүүлэх, тэтгэмжтэй чөлөө олгох
    -Профессор-багш, ажилтны цалин хөлсний системийг боловсронгуй болгох санаачилга гарган хэрэгжүүлж, цалин хөлсний нэмэгдэл, урамшууллын хамт сард хоёр удаа мөнгөн хэлбэрээр олгоно. 
    -Профессор-багш, ажилтнуудын дунд ажил хэрэгч, бүтээлч уур амьсгал бий болгож, ажилд тустай идэвхи санаачлагыг бүх талаар дэмжихийн зэрэгцээ шүүмжлэл, хүсэлтийн мөрөөр тодорхой арга хэмжээ авч, эзэнд нь мэдэгдэх бүтээлийг нийтийн хүртээл болгох
    -Өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзлыг хангасан профессор-багш, ажилтанд хүндэтгэл үзүүлэн харилцан тохиролцож тэтгэвэр тогтоолгоход холбогдох материалыг бүрдүүлж өгөх, хууль тогтоомжийн дагуу тэтгэлэг олгох
    -ДаДэС-ийн удирдах ажилтан, профессор багш нар сургуулийн хэмжээнд мөрдөгдөж байгаа дүрэм, журам, дэгийг биелүүлэх талаар ажилтан, оюутан суралцагчдад шаардлага тавих, үүрэг даалгавар өгөх
    -ДаДэС-ийн хэмжээнд мөрдөгдөх дүрэм, журмыг Монгол Улсын хууль, бусад эрх зүйн актуудад нийцүүлэн гаргаж, хөдөлмөрийн ба иргэний гэрээ, тэдгээр дүрэм журмын биелэлтэд хяналт тавьж, зөрчигчдөд хариуцлага тооцно. 
    3.2.  ДаДэСийн хөдөлмөрийн харилцаанд профессор-багш, ажилтан дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ: 
    -Эрх бүхий байгууллагын тогтоосон хууль, дүрэм, журам болон ДаДэС-ийн дотоод журмыг хүндэтгэн сахиж, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ идэвх зүтгэл, үр бүтээлтэй биелүүлж, ажлын цаг, хичээлийн хуваарийг мөрдөх, баримт бичгийг тогтоосон журмаар, тогтоосон хугацаанд үнэн зөв боловсруулж, хөтөлж баталгаажуулах,
    -Мэдлэг мэргэжлээ тасралтгүй дээшлүүлэх, ажилдаа шинэлэг арга технологи хэрэглэх талаар санаачилга гарган ажиллах,
    -Ажлын байрны тохь тухыг хангах, гал, усны болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар санал хүсэлт гаргаж, хөдөлмөрийн хэвийн нөхцөл бүрдүүлэн, үнэнч шударга ажиллах,
    -Ажлын хувцас, хөдөлмөрийн болон сургалтын багаж, техник хэрэгслийг зориулалт, зохих журмын дагуу зориулалтаар нь эзэмшин ашиглаж, тогтоосон хугацаанд тооллого, тооцоо хийлгэж байх ,
    -Профессор-багш, ажилтны эрх, ашиг сонирхолтой холбоотой асуудлыг ДаДэС-ийн хэмжээнд шийдвэрлэхээр хэлэлцэх, хурал, зөвлөгөөнд өөрийг нь харъяалах болон төрийн бус байгууллагаараа дамжуулан санал хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлэх эдгээр болно. 

    Дөрөв. Ажил, амралт, чөлөө

    4.1.ДаДэС-ийн ажлын өдөр 8.10 цагт эхлэх ба хичээлийн үргэлжлэх хугацаа 90 минут, хичээл хоорондох завсарлага 10 минут их завсарлага 30 минут байна.

    4.2.Профессор-багш нарын хичээлийн жилд гүйцэтгэх ажлын нормыг ДаДэС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн батлах бөгөөд, тэдний ажлын цагийг хичээлийн хуваариар зохицуулна.

    4.3.Профессор-багш, ажилтны сард ажилласан хоног, илүү цагийг тэнхимийн эрхлэгч, шууд харъяалах алба тогтоосон хугацаанд тооцож, баталгаажуулан Ерөнхий менежер, дэд захиралын ажлын албанд гаргаж өгөх бөгөөд энэ нь цалин хөлс, нэмэгдэл олгох үндэслэл болно.

    4.4.ДаДэС-ийн ажилтнууд гадуур ажилтай болон захиргааны чөлөө авсан тухайгаа шууд харъяалах албан тушаалтандаа мэдэгдэж, холбоо барих хаяг, утасны дугаараа үлдээнэ. 

    4.5.Нийслэл болон орон нутагт ажиллах Профессор-багш, ажилтанд түүний гүйцэтгэх ажлын баталсан удирдамжийг үндэслэн Захирлын ажлын албанаас томилолт олгоно. Томилолтоор ажиллах Профессор-багш, ажилтан улсын баталгаатай унаагаар зорчих бөгөөд томилолтын хугацаа дууссанаас хойш 5 хоногийн дотор гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ илтгэх хуудас бичин танилцуулж, холбогдох тооцоог хийж дуусгана. 

    4.6.Тухайн хичээлийн жилд ДаДэС-ийн Профессор-багш, оюутан, суралцагчид ба ажилтнуудын дунд зохиох ажлын хуваарийг захирал батлаж мөрдүүлнэ. 

    4.7.Профессор-багш, ажилтан захиргааны зөвшөөрлөөр гадаад, дотоодод 3 сараас илүү хугацаатай сургалтанд хамрагдах үед хөдөлмөрийн гэрээг түр хугацаагаар цуцалж, ажлын байрыг хэвээр хадгалах бөгөөд тохиролцсон хугацаанд ирж, ажилдаа ороогүй бол түүнийг ажлаас бүр мөсөн чөлөөлнө. 

    4.8.Монгол Улсын хөдөлмөрийн тухай хууль болон Боловсролын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн профессор-багш, ажилтанд жил бүр ээлжийн амралт олгоно. Ажилтны ээлжийн амралт нь хичээлийн жил эхлэхээс өмнө дуусахаар байвал амралтын өмнөх ба дараах ажлыг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна. 
    4.9.Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг үндэслэн тэнхим, нэгж шууд харъяалах удирдах ажилтны зөвшөөрлөөр профессор-багшийн энэ хугацааны хичээлийн хуваарийг тэнхимийн эрхлэгч зохицуулна. 

    4.10.Профессор-багш, эрдэм шинжилгээний ажилтанд Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн бүтээлийн чөлөө олгож, ажлын байрыг хэвээр хадгалж болно.

    4.11.Эхнэр, нөхөр, төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, төрүүлсэн үр хүүхэд нь нас барах, гал, усны болон байгалийн гэнэтийн аюулд осолд өртсөн тохиолдолд профессор-багш, ажилтны хүсэлтээр ажлын 14 хүртэл хоногийн цалинтай чөлөөг Захирал олгоно. 

    4.12.Профессор-багш, ажилтны гачигдалтай байдлыг харгалзан бүрэлдэхүүний нэгж, харъяалах албан тушаалтны тодорхойлолтыг үндэслэн захиргаа цалингүй чөлөө олгох бөгөөд чөлөөтэй байгаа үед нь нэг удаагийн тэтгэмж тусламж олгох асуудлыг Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

    4.13.Профессор-багш, ажилтан өөрөө эсвэл өөрийн асрамжинд байгаа хүнээ эмнэлэгт үзүүлсэн, амбултороор шинжилгээ, эмчилгээ хийлгэсэн тухай гэрчлэх баримт тодорхойлолт авчирсан бол ажлын гурав хүртэлх өдрийг захиргааны чөлөөнд тооцохгүй, харин гэрчлэх баримт тодорхойлолтгүй байх эсвэл урьдчилан тэнхим, нэгждээ мэдэгдээгүй бол ажил тасалсанд тооцно. 

    Тав. Цалин хөлс, шагнал урамшуулал

    5.1Профессор-багш, ажилтны цалин хөлсийг сар бүрийн тогтсон хоёр өдөр олгоно. Энэ өдөр бүх нийтээр амрах өдөр таарвал цалин хөлсийг тогтоосон хугацаанаас нь 1-2 өдрийн өмнө, хойно олгож болно.

    5.2Эрхэлсэн ажлаа идэвхи санаачлага, үр бүтээлтэй хийж ажлын амжилт нь тогтворжин өсөж байгаа багш, ажилтныг ДаДэС-ийн захиргаанаас дор дурдсан хэлбэрээр шагнаж урамшуулна. Үүнд: 
    -Мөнгөн шагнал олгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэх,
    -Хөдөлмөрийн алдрыг нь тэмдэглэж сурталчлах,
    -Сургуулийн дэд професор, профессор, хүндэт доктор цол олгох,
    -Засгийн газар, Яам, тусгай газар, орон нутгийн болон олон нийтийн байгууллагын шагналд тодорхойлох,
    -Төрийн одон медаль, алдар цол шагнуулахаар тодорхойлох,
    -Сургуулийн хүндэт дэвтэр болон хүндэт самбарт нэрийг нь бичиж алдаршуулах,
    -Сургуулийн санхүүжилт, хөрөнгө оруулалтанд оруулсан хувь нэмэр төслийн болон бусад орлого, хэмнэлтийн тодорхой хувиар урамшуулах эдгээр болно. 

    5.3Сахилгын шийтгэлтэй байх хугацаанд профессор-багш, ажилтанд шагнал, урамшил олгохгүй.

    Зургаа. Сахилгын зөрчил гаргасан профессор-багш, 
    ажилтанд хүлээлгэх хариуцлага

    6.1 ДаДэС-ийн дүрэм ба хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй болон хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан, буруутай үйлдэл хийсэн профессор-багш, ажилтанд нотлох баримтуудыг үндэслэн Захиралын тушаалаар Хөдөлмөрийн тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомж бусад эрхийн актын дагуу сахилгын шийтгэл, арга хэмжээ оногдуулна. Тодруулбал: 
    -Өөрийн буруугаар эд хөрөнгийн хохирол учруулсан профессор-багш, ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 132-135 дугаар зүйлийг үндэслэн хөдөлмөрийн сахилга шийтгэл оногдуулна. 
    -Буруутай үйлдлийн улмаас үүссэн хохиролыг нөхөн төлүүлэх ажлыг Захирлын, эсвэл шүүхийн шийдвэрээр гүйцэтгүүлнэ. 
    -Ажил хичээлээс хоцрох, таслах, үйлчлүүлэгч (оюутан суралцагчид, бусад) нараас үүрэгт ажилтай нь холбогдуулан гаргасан гомдол үндэслэлтэй болох нь тогтоогдсон, ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, ДаДэС-ийн үйл ажиллагаанд мөрдөж байгаа дүрэм, журмыг зөрчсөн профессор-багш, ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан ёсоор 
    Сануулах, 
    Цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, 
    Ажлаас халах хүртэл арга хэмжээ оногдуулна. 
    -Ажлаас хоцорсон, эрт явсан, ажил тасалсан ажилтан, хүндэтгэх шалтгаангүй хичээл тасалсан профессор-багш нарт сахилгын зохих шийтгэл оногдуулахын зэрэгцээ ажил тасалсан хугацааны цалинг нэгжийн удирдлага, тэнхимийн эрхлэгчийн тодорхойлсон цагийн тооцоог үндэслэн хасна. 

    6.2 Сахилгын шийтгэл оногдуулснаас хойш 6 сарын хугацаанд үр бүтээлтэй ажилласан болохыг тодорхойлсон нэгж, тэнхимийн баримтыг үндэслэн профессор-багш, ажилтныг сахилгын шийтгэлгүйд тооцно. 
    Долоо. Хичээл хүмүүжлийн ажил

    7.1 Хичээл дундуур багш, оюутныг дуудах тэднээр өөр ажил хийлгэхийг, анги танхим ба хичээлийн хуваарийг тэнхимийн багш нар дур мэдэн өөрчлөх, багш хичээлийг урьдчилан тараахыг хориглоно.

    7.2 Хичээлийн байрны дэг журмыг зөрчигчдийг зэмлэн буруушааж зарчмын шаардлага тавихыг хамт олон ба хүн бүрийн үүрэг гэж үзнэ. 
    -Сургуулийн жижүүр болон үйлчлэх ажилчдын шаардлагыг хүндэтгэн харьцах нь оюутны гол үүрэг байна.
    -Тэнхимийн лаборантууд анги танхимын түлхүүрийг хариуцан жижүүрт хүлээлцэж ажиллана.

    7.3Хичээлийн байранд дараах зүйлийг хориглоно.
    -Малгай, гадуур хувцастай явах,
    -Хичээлийн үед бусдад нөлөөлөхөөр чанга ярих, үймж шуугих, гүйх, дуу хөгжим чанга тавих,
    -Зориулалтын бус газар хог хаях, эд хогшил дээр элдэв юм эрээчих, эд хогшил, тоног төхөөрөмж, сурах бичиг үзүүлэнг эвдэж гэмтээх,
    -Хуваарьт өрөө байрыг дур мэдэн солих зориулалтын бусаар ашиглах,
    -Согтууруулах ундааны зүйл уух, зориулалтын бус газар тамхи татах согтуугаар хичээлийн байранд нэвтрэн сэлгүүцэх,
    -Цагдаа, түргэн тусламж, гал усны аюулд тусламж дуудахаас бусад хэрэгцээнд жижүүрийн утас ашиглах,
    -Ажил хичээлгүй үед багш ажилтан бүр ажлын өрөө анги танхимын аюулгүй байдлыг шалган түлхүүрийг (шаардлагатй бол өрөө тасалгааг) жижүүрт хүлээлгэн өгнө.
    -Анги танхим, өрөө, коридорыг батлагдсан хуваарийн дагуу хариуцсан хүмүүс нь цэвэрлэнэ.
    -Хичээлийн байранд гарсан осол зөрчлийг мэдсэн хүн бүхэн тэр даруйд жижүүрт яаралтай мэдэгдэж байна.

    7.4Сургалт хүмүүжлийн ажил нь жил, улирал, сар, 14 хоногоор төлөвлөгдөн, зохион байгуулагдаж хэрэгжих ба гүйцэтгэлд хяналт тавигдан ажлын үр дүн нь хамт олонд мэдээлэгдэнэ.
    7.5Энэ журам, хөдөлмөрийн ба хамтын гэрээгээр зохицуулагдаагүй асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. 

    Найм. Дотоод ажлын зохион байгуулалт

    8.1.Дархан дээд сургуулийн албан бичгийн хэвлэмэл хуудсыг албан ажлын хэрэгцээнд ашиглаж, гарын үсгийг сургуулийн тамга, тэмдэгээр баталгаажуулна. 

    8.2.Бүрэлдэхүүний нэгжийн удирдлага, профессор, шаардлагатай бол, албан бичгийн хэвлэмэл хуудсыг хэрэглэж болно. ДаДэС-ийн Оюутны зөвлөл өөрийн тэмдэгтэй байж болох боловч сургуулийн албан бичгийн хэвлэмэл хуудсыг хэрэглэж болохгүй. 

    8.3.Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг хариуцсан ажилтан бэлтгэж, харъяалах дэд захирлаар хянуулан зөвшөөрлийг нь авч, зөвлөлийн гишүүдэд товч танилцуулга, шийдвэрийн төслийн хамт хуралдах өдрөөс 3-аас цөөнгүй хоногийн өмнө тарааж, хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгуулна.

    8.4.ДаДэС-ийн хичээлийн болон оюутны байранд баримтлах журам, хичээл сургалтын ажлын болон бусад дэг журмыг Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталж, мөрдөнө. Эдгээр журам, журмыг зөрчигчдөд хөдөлмөрийн дотоод журам зөрчсөний адил сахилгын шийтгэл, арга хэмжээ оногдуулна.

    8.5.ДаДэС-ийн оюутан суралцагчдын сурах хөдөлмөрлөхтэй холбогдсон харилцааг "Дархан Дээд Сургуулийн суралцагчдыг үнэлэх журам”-аар зохицуулна.